9.21.2019

СОЛОНГОСЫН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ JANGSAN LEE ИЙН ТАМИРЧИД ДАСГАЛЖУУЛАГЧИД ДАА ӨГЧ БУЙ ЗӨВЛӨГӨӨ

Улаанбаатар хотод өнгөрөгч 9 дүгээр сард манай МШТХ-ны зохион байгуулсан Asian Junior and Cadet Championships 2019 наадамд Солонгос улсаас баг тамирчдаа авчирч амжилттай оролцсон ахлах дасгалжуулагч Jangsan Lee өөрсдийн тамирчдынхаа сул тал, дутагдалтай байгаа чадварын талаар Солонгосын дасгалжуулагчид, тамирчдад хүргэсэн зөвлөгөөг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Манай тамирчдад ч мөн адил байдаг нийтлэг алдаа дутагдлын талаар шүүмжилжээ. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу:




Asian Junior and Cadet Championships 2019 тэмцээнд оролцож байхдаа би Солонгос тамирчдынхаа талаар мэдэрсэн зүйлсээ тэмцээний дараа Солонгосын тамирчид, дасгалжуулагч нартаа хуваалцахыг хүслээ.
“Олон Улсын” гэсэн тодотголтой ямар ч тэмцээнд ялна гэдэг бол маш хэцүү зүйл байдаг. Энэ бол яагаад бид бусад тэмцээнүүдээс илүүтэйгээр, бүр маш ихээр хичээж өрсөлдөх ёстой шалтгаан юм. Заримдаа бид бусдыг хэрхэн хожихоо мэдэж байгаа юм шиг дүр эсгэдэг, гэвч Хятад гэх мэт хүчтэй өрсөлдөгчидтэй нүүр тулах үед бидний оюун ухаан юу ч үгүй хоосорч, толгой ажиллахгүй болдог. Ийм тохиолдолд бид юу хийх ёстойгоо, хэрхэн хүнд байдлаас гарах хэрэгтэйгээ мэдэхээ байдаг.
Тэгвэл Солонгосын Үндэсний Аварга шалгаруулах тэмцээн болон Олон Улсын тэмцээн хоёрын хооронд ямар том ялгаа байдаг вэ? Энэ том ялгааг ойлгох нь маш чухал, яагаад гэвэл энэ ялгааг ойлгосон цагт бид илүү үр дүнтэй, амжилттай байж чадна. Хэрэв та энэ ялгааг ойлгохыг хүсэхгүй бол танд олон улсад хүчтэй өрсөлдөгч нартай нүүр тулах үед тань зарим хүндрэлүүд бий болох болно. Тэгвэл олон улсын тэмцээнд оролцохдоо бид ямар алдаа гаргадаг вэ?

НЭГДҮГЭЭРТ. Давуулалтууд (Service) чинь ажиллахгүй байна. Магадгүй чамд давуулалт хийсний дараа довтлох сайхан боломжууд олон удаа гарч байсан байж болох, гэвч олон улсад хүчтэй өрсөлдөгч нартай тулах үед тэд давуулалтуудыг чинь чиний эсрэг овжиноор ашигладаг. Улсынхаа дотоодын тэмцээнд төдийлөн таараад байдаггүй хэцүү хариу бөмбөгнүүдийг сул давуулалтынхаа үр дүнд маш ихээр амсах болно. Энэ нь чамд давуулалт хийсний дараа хүчтэй довтолгоо хийх боломж төдийлөн их олдохгүй гэсэн үг. Гэсэн ч хариулсан бөмбөгийг эргэлттэй, хурдтай, зай, өндрийг тохируулан ямар нэгэн аргаар довтолгоо болгох л ёстой. Энэ бол Солонгосын өсвөрийн тамирчдын олон улсын тэмцээнд тоглохдоо гаргаж буй хамгийн гол алдаа.
Тэд давуулалтаа маш сайн болно гэж, довтолгоо хийх маш их боломж гарч ирнэ гэж боддог байх, гэхдээ тэд хурдан шилжихгүй байна, дараагийн бөмбөгөндөө бэлэн байхгүй байна, бас тоглолтдоо хангалттай анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна.
ХОЁРДУГААРТ. Харилцан довтолгоо (rally) болон холбон довтлох (counterattack) чадвар маш чухал. Яагаад гэвэл өндөр чанартай тоглолтуудын хувьд өрсөлдөгчөөс ирэх бөмбөг үргэлж хэцүү байх ба эхний бөмбөгийг хүчтэй ганц довтолгоо хийж оноо болгоно гэдэг маш хэцүү. Энэ тохиолдолд, эхний довтолгоог зөөлөн хийгээд дараагийн бөмбөгт бэлэн байх хэрэгтэй. Энэ нөхцөл байдалд “урт ралли” буюу харилцан олон удаа довтлолцоход бэлэн байх хэрэгтэй гэж би хэлэх гээд байгаа юм. Бас чамд холбон довтлох counterattack хийх тохиолдлууд маш олон гарах бөгөөд яагаад гэвэл тэмцээний туршид эхний довтолгоог зөөлөн хийж эхлэж байгаа тоглолтууд маш их байна.
ГУРАВДУГААРТ. Хугацаа болон Backhand (цохиурын араар авах) чадвар бол бидний нэн тэргүүнд сайжруулах ёстой чадварууд. Солонгосын маш олон залуу тоглогчид ширээнээс хол ухарч тоглох дуртайг ажиглалаа. Энэ нь тэдгээр тоглогчид маш удаан байна гэсэн үг юм. Ширээнээс хол байрлах үед чамд оноо авахын тулд илүү их хурд, хүч шаардлагатай, гэвч Солонгосын эдгээр залуу тамирчдад оюуны болон бие махбодийн хангалттай их хүч байхгүй. Дээрээс нь, Солонгосын тоглогч нарын backhand (цохиурын араар авах) чадварын түвшин маш доогуур байна. Тэд ширээний бүх хэсэгт зөвхөн forehand (цохиурын урд талаар авах) ашиглан хүрч чадахгүй. Урт ралли хийх, хурдтай, хэцүү бөмбөг, урьдчилж таамаглаагүй бөмбөг ирэх үед backhand нь үргэлж тэдний сул тал байх болно. Тэдний энэ backhand чадвар сул байдал нь ширээнээс хол байрлаж, бөмбөгийг удаашруулж байгаагийн шалтгаан юм. Удаан байна гэдэг нь өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж чадахгүй гэсэн үг юм.
ДӨРӨВДҮГЭЭРТ. Тулааны сэтгэлзүй болон хүчтэй төвлөрөл гэдэг бол маш чухал зүйл. Заримдаа би Солонгосын залуу тамирчдад ялна гэсэн чин хүсэл эрмэлзэл байхгүй байгааг бодитоор мэдэрдэг. Ялангуяа Япон, Хятад зэрэг хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг тоглох үед тэд хэдхэн онооны зөрүүн дээр маш амархаан бууж өгдөг. Тэд зүгээр л толгойгоо ажиллуулах, бодохоо больж өөрсдөө маш ихээр алдаж эхэлдэг. Тэд дайчин, тулааны сэтгэлзүйгээ илэрхийлэхээ байж, тоглолтын туршид анхаарал, төвлөрлөө алдаж эхлэдэг. Бид эхлээд эдгээр сул талуудаа хүлээн зөвшөөрч, илүү амжилтанд хүрэхийн тулд дээрх сул талуудаа засч сайжруулах ёстой.
Эцэст нь ширээний теннисний спортод эргэлт, давуулалт, давуулалт хүлээн авах, цэвэр тоглох, оюуны чадвар, стратеги, анализ хийх зэрэг маш олон чухал чадварууд байдаг. Бид бүх л тэмцээнд ялахын тулд маш хүчтэй байх ёстой бөгөөд энэ нь тийм ч хялбар биш гэдгийг бид мэднэ. Тийм ч учраас бид ялагчид болон өндөр зэрэглэлийн тамирчдад хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй.
Дүгнээд хэлэхэд олон улсын тэмцээнд өрсөлдөгчөө ялах нь тийм ч амар зүйл биш тул бид өрсөлдөгчөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Тоглолтондоо төгс бэлэн байх хэрэгтэй, тоглолтыг дуусах хүртэл анхаарал төвлөрөлөө алдаж болохгүй. Нэг тоо илүү гарахын төлөө тэмцэж, ялахын төлөө хүчтэй хүсэл, тэмүүллээ ил харуулах хэрэгтэй. Ийм сэтгэлзүйтэй байхад амжилт таныг өөрөө дагах болно.
Солонгосын ахлах дасгалжуулагч Jangsan Lee –ийн хувийн фэйсбүүкээстээ нийтлэсэн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр авч орчуулан хүргэлээ.
Х.Одбаяр 2019.09.20

No comments:

Post a Comment