9.23.2012

Үүсэл, хөгжил

Ширээний теннисийг Хятадаас гаралтай, Хятадууд ширээн дээрээ мантуу өнхрүүлж тоглосоор байгаад энэ спортыг бий болгосон гэсэн яриа байдаг. Гэвч үнэндээ энэ спорт Хятадаас бус Европ гаралтай бөгөөд Хятадууд үндэснийхээ спортыг сонгохдоо өөрсдөдөө хамгийн ойр, боломжын гэж үзсэний үндсэн дээр энэхүү спортыг сонгож өдгөө өөрсдийн мэт амжилт гаргаад байгаа билээ. АЗИ хүмүүсийн хувьд Eвропуудтай харьцуулахад богино зайд огцом хурдтай хөдөлгөөн хийх чадвар илүү байдаг нь энэхүү спортод амжилт гаргах гол шалтгаан. Тэгэхээр үүгээр би манай Монголд ч бас амжилт гаргах боломж, чадавхи бий гэдгийг хэлэх гээд байгаа юм. 


Ширээний теннисний спортыг яг хэдий үед хаана тоглож байсан талаар тодорхой баримттай мэдээлэл байдаггүй. Спортын түүх судлаачид тэр дотроо Ази, Америк болон английн судлаачид өөр өөрийн бүс орон нутагт үүссэн хэмээн тайлбарлаж түүнийг батлахыг оролдсоор байдаг.
Гэвч баримттай эх сурвалжаар ширээний теннисний спорт нь XIX зууны сүүлчийн хагаст Англи улсад тоглож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед төрөл бүрийн материалаар хийсэн дөрвөлжин хэлбэртэй цохиур, резин буюу үйсээр хийсэн бөмбөгөөр голдуу гадаа тоглодог байжээ. Анхны цохиур 49,5см урттай байжээ.
Ширээний теннисний спортын хөгжилд томоохон түлхэц өөрчлөлт оруулсан хүн бол Английн иргэн инженер James Gibb юм. Тэрээр 1890 онд Америкаар аялаж байхдаа тоглоомын дэлгүүрт целлоидон бөмбөг байхыг олж үзээд нилээд хэмжээтэйг худалдан авч Англид авчиржээ. Улмаар целлойдон бөмбөгний чанарыг сайжруулж үйлдвэрлэж үйсэн бөмбөгийг сольсон нь Англи даяар өргөн хэрэглэгдэх болсон. Целлойдон бөмбөгний ойлтоос гарч буй чимээнээс үүдэн J.Gibb ширээний теннисийг “ Ping Pong “ гэж нэрлэх болжээ. 1907-08 онд Америкийн ах дүү Parker “ Ping Pong “ гэсэн нэрийг хэрэглэх эрхийг авч 1 сая бөмбөгийг Англиас худалдан авч явсанаар Америк тивд орчин үеийн ширээний теннис “ Ping Pong “ нэрээр хөгжих үндэс тавигджээ.
XIX зууны сүүлчээр Англид анхны ширээний теннисний дүрэм бий болжээ. Тэр үед нэг үеийн тоглолт 30 оноогоор дуусдаг, давуулалтыг өөрийн тал дээр ойлгохгүй шууд тор давуулж хийдэг байжээ.
Анхны олон улсын тэмцээн 1901 онд Австрийн нийслэл Вена хотод болжээ. 1902-1911 онуудад Англид төдийгүй Европ даяар ширээний теннисний спорт зогсонги байдалд орсон. 1912 оноос дахин сэргэж анхны үндэсний хэмжээний ШТХ Англид байгуулагдсан. 1926 оны 1 сарын 15 нд ОУШТХ байгуулагдаж мөн оны 12 сард Англи улсын нийслэл Лондон хотод анхны ДАШТ таван төрөл дээр зохиогдож бүх төрөлд Унгар улсын тамирчид түрүүлж алтан медалиудыг авсан байна. 2001 онд Японы Осака хотод болсон ДАШТ хойш ДАШТ-ийг баг болон нэг бүрчилсэн тоглолтуудыг салгаж жил бүр ээлжлэн явуулах болсон. 2008 оны 2 сард Хятад улсын Гуанжао хотод ширээний теннисний ДАШ51 дахь удаагийн тэмцээн болсон.
Одоогоор ОУШТХ-д 198 улсын холбоод гишүүнээр элссэн байна.

1 comment: