9.21.2014

БӨМБӨГНИЙ ТУХАЙ

Теннисний бөмбөг хуванцар материалаар хийгдсэн 40мм диаметртэй 2 хагас дугуйг нийлүүлж дотор талд нь залгасан байдаг. Өнгө нь ширээний өнгөнөөс хамаарч шар эсвэл цагаан байдаг ч сүүлийн үед цэнхэр ширээ, цагаан бөмбөг илүү хэрэглэдэг болжээ. Одоо пластик материалаар залгаасгүй бөмбөг үйлдвэрлэж, бас үзэгчдэд бөмбөгний эргэлтийг харуулах зорилгоор шар цагаан алаг бөмбөгөөр тоглуулах зэргээр өөрчлөлтүүдийг туршсаар л байна. Ер нь бол теннис тоглоно гэж энэ жижигхэн бөмбөгний учрыг олох л асуудал
байгаа юм ш дээ. Бүгд л бөмбөг бөөрөнхий гэдгийг мэднэ, бүгд л ижил бөмбөгөөр тоглоно. Түүнийг яаж ч хааш нь ч эргүүлж залж болно, Тоглогч бүрт бөмбөгөнд хүрэлцэх боломж ижил тэгш олгогдож байгаа ч тухайн бөмбөгийг илүү мэдэрч, өөрийн хүссэнээр жолоодож удирдаж байгаа нь ялагч болж, бөмбөгийг төгс биш ч гарамгай сайн эзэмшээд байгаа нь олимп, дэлхийн аварга болдог, үүнд л энэ спортын утга учир, сайхан бүхэн оршдог. Бөмбөгний эргэлт, мэдрэмж зэрэг ойлголтын талаар дараа нь дэлгэрэнгүй тайлбарлана аа. Шинэ суралцагч нартаа бөмбөг сонгох талаар зөвлөгөө хүргэхэд бөмбөг нь ямар ч үйлдвэрийн бөмбөг байж болох ба бөмбөгөн дээр байх одны тоо нь тухайн бөмбөгний чанарыг илэрхийлдэг. Одны тоо олон байх тусам ойлт сайн, чанартай байх ба одгүй болон нэг одтой бөмбөг нь олон бөмбөгөөр харилцах сургалтын зориулалттай ба 3 одтой бөмбөгөөр тоглож байхыг зөвлөе. Ийм бөмбөгийг та спорт барааны аль ч дэлгүүр, теннис клубүүдээс 1500-3000 төгрөгийн хооронд худалдан авч болно. Нэг зүйлийг анхааруулахад одтой, үнэтэй бөмбөг гээд шууд худалдан авахгүй нэг бүрчлэн шалгаж авах шаардлагатай. Учир нь үйлдвэрийн гологдол буюу зуйван хэлбэрийн бөмбөг зарагдах нь олон байдаг. Үүний тулд тэгш хавтгай гадаргуу дээр бөмбөгний эгц дээрээс харахад үйлдвэрлэгчийн лого бөмбөгний захад байхаар байрлуулаад огцом хурдтай эргэлдүүлнэ. Ингээд эргэж буй зах буюу логог харахад бөмбөгний гадагруу жигд бөөрөнхий эсвэл зуйван болох нь харагдана. Зуйван бөмбөгөөр тоглоход ширээн дээр ойж буй ойлт өөр өөр байна  гэдгийг ойлгож байгаа байх аа. Иймээс олимп, дэлхийн аваргын тэмцээнд ч тамирчид бөмбөгөө шалгаж сонгож авдаг. 

No comments:

Post a Comment