11.21.2013

Дасгалжуулагч: Чой Юн Хо: ДАШТ санаанд минь багтаад эхэлсэн шүү

Монголын ширээний теннисний холбоо өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс БНАСАУ-ын дасгалжуулагч Чой Юн Хотой хамтран ажиллаж буй юм. Ингээд өнгөрсөн есдүгээр сараас Монголын ширээний теннисний шигшээ багийг үүсгэн байгуулж, өдөр бүр 8-10 цагийн эрчимтэй бэлтгэл хийх болжээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд хамгийн залуу нь 11 настай тамирчин байгаа гэнэ. Тэд “Оч” клубт байрлаж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж буй бөгөөд ирэх жил Японд болох ДАШТ-д оролцож, өмнөх амжилтаа 5-10 байраар ахиулах зорилго өвөртөлжээ.
 

Чой Юн Хо дасгалжуулагчийн тухайд долоон настайгаасаа ширээний теннисний спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд улсын 12 удаагийн аварга, олон улсын чанартай тэмцээнээс 16 алт, 14 мөнгө, 16 хүрэл медаль хүртжээ.

Чой Юн Хо дасгалжуулагчтай ярилцлаа.

-Та Монголд ирж ажиллаад бараг хагас жил өнгөрч байна. Тамирчдад ямар эерэг өөрчлөлт гарч байна вэ?

-Би өнгөрсөн зургадугаар сарын 1-нд Монголд ирж, Монголын теннисчидтэй хамтран ажиллаж эхэлсэн. Есдүгээр сарын 1-нээс шигшээ баг бүрдүүлж, ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид идэвх чармайлттай бэлтгэл сургуулилт хийсэн, цаашид ч хичээх болно. ДАШТ болон дэлхийн чанартай уралдаан, тэмцээн санаанд минь багтаад эхэлсэн шүү. 

-Зорилгодоо хүрэхэд ойртож байна уу. Монголын тамирчдын давуу талыг онцолбол?

-Анх Монголд ирээд төрсөн сэтгэгдэл маань одоо огт өөр болсон. Бид бүтэн өдрийн бэлтгэлийн системд орчихсон байгаа. Монгол тамирчдын хувьд бие хүчний маш өндөр боломж байдаг. Биеийн хүчинд суурилсан бэлтгэл, дасгал илүүтэй хийж байна. 

-Та ширээний теннисний спортоор хэр удаан хичээллэж байна вэ?

-Бүх насаараа спортоор амьдарч байна. Миний амьдралдаа хийсэн цорын ганц ажил бол ширээний теннис.

-Монголд хэдий хугацаанд ажиллах гэрээтэй ирсэн бэ?

Хэр хугацааны гэрээтэй  Монголд ажиллаж байгаа вэ. Гэрээгээ сунгаж ажиллах бодол байгаа юу?


-Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан байгаа. Цаашид сунгаж ажиллах эсэхийг би ганцаараа шийдэхгүй. Монголын ширээний теннисний холбоо надад дахин санал тавьбал баяртай хүлээж авах болно.

-Та өмнө нь өөрийн улсынхаа шигшээ багийг дасгалжуулж байсан гэж сонслоо... 

-Өмнө нь БНАСАУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багтай ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд манай баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Үүний дараагаас эрэгтэй багтай хамтарч ажиллах болсон.

-Монголд ажиллахад хүндрэлтэй тал юу байна вэ?

-Надад Монголд ажиллахад хүндрэл байхгүй ээ. Монгол хүмүүс надад их сайн байдаг юм. Монголчуудтай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна.

Э.ТЭКҮ

эх сурвалж: sport.news.mn

1 comment:

  1. 탁구고치님이랑 어떻게 연락할 있을까요?

    ReplyDelete